Home  >  Нүүдлийн арга  >  Өрөм загсаах

Өрөм загсаах

img_1

Өрмийг үнээ, хонь, ямаа, ингэний сүүгээр хийнэ. Түүхий сүүгээ ширмэн тогоонд хийж зөөлөн гал дээр хөөрүүлж олонтаа самран хөөсрүүлж самарсан хөөс нь хоёр ямх хэртэй зузаан болох үед, галын хүчийг намдуулж хөөсийг нь аажмаар замхруулан хөрслүүлнэ.Ингэхдээ сүүгээ зөөлөн цог дээр хоёр цаг хэртэй төөнөрүүлж дахин галын хүчийг аажмаар нэмж хөрс нь буцлан хагарахгүй хэмжээний халуунд хөргөж (хэрэв галын хүч ихдэж өрмийн хөрс нь дундаа товойж ярагдах байдалтай болбол голд нь нүх цоолж, сүү нэмэх хэрэгтэй. Үгүй бол өрөм нь хагарах аюултай билээ.). Хөрслүүлээд царцаан хөөсийг нь бүрэн дарсны дараа гал дээрээс авч 2-3 цагийн дараа дахин гал дээр тавин хусуураар захлаж дахин зөөлөн халаасны дараа гал дээрээс авна. Тогоон дахь өрөмнийхөө хөвөөг хусуураар буулгаж, шинэ сүүг хөвөөг нь дагуулан нэмэн өгч болно. Ингэвэл өрөм нь зузаан сууна. Дараагийн өдрийн өглөө өрмөө хусуураар захлан авна.

Зарим газар түүхий сүүн дотроо нэг аяга цагаан будаа хийх ч буй.

Хонины өрөм нь нимгэн, цөцгий багатай мөртлөө амттай байдаг бол үхрийн өрөм нь зузаан цөцгий ихтэй байх ба сарлагийн өрөм нь их тослогтой, зузаан их амттай байдаг.

Comments

comments

Written by degi

Leave a Comment